Мөнххайрханы байгалийн цогцолборт газар

Ерөнхий танилцуулга

Төв Азийн цөлийн нөлөөлөлд орших хязгаарлагдмал эмзэг нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц ландшафтыг хамгаалалтад авснаар байгалийн цэвэр усны асар их нөөцийг хадгалж хамгаалах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ мөнх цас, мөсөөр тэжээгддэг Алтайн нурууны ар, өвөр хажуугаас эх авч урсдаг их, бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чигийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтой юм. Иймээс Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутгийг 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор нийт  301144.011 га талбайг улсын тусгай хамгаалалтанд авсан.

Монгол улсын Их хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор Ховд аймгийн Үенч сумын зарим газар нутгаас нийт 191000 га,  Булган сумын нутагт орших Булган гол-Их Онгогийн БЦГ-ын нийт 92221 га газрыг Улсын тусай хамгаалалтанд авч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 06 сарын 04-ний өдрийн А-218 дугаар тушаалаар Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан.

Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-өлгий  аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан, Үенч сумын хил залгаа нутгийг дамнан 60-120 км-ийн өргөнтэйгээр баруун хойноос зүүн урагш 350 гаруй км үргэлжлэн оршдог.

Мөнххайрхан уулын ноён оргил нь  4362 м /д.т.д/ өндөр өргөгдсөн манай орны хоёр дахь өндөр оргил бөгөөд  нурууны хяраас дээш 400-500 м өндөрт сүндэрлэдэг мөнх цас, мөсөн гол бүхий уул юм. Мөнххайрхан уул нь Монгол Алтайн нурууны өндөр уулын мужид томоохон байр эзэлдэг.